ISO 14001 | Байгаль орчны менежментийн тогтолцоо

ISO 14001 гэж юу вэ?

ISO 14001 стандарт нь байгаль орчны менежментийн тогтолцоонд тавигдах шаардлагыг тодорхойлсон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандарт юм. Байгаль орчны менежментийн тогтолцоо нь байгууллагуудад байгаль орчинд тулгарч буй асуудлуудаа (aspects) "цогц" арга барилаар тодорхойлох, удирдах, хянах, хэмжихэд тусалдаг.

Өөрөөр хэлбэл танай байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээнээс байгаль орчинд нөлөөлж буй эерэг болон сөрөг нөлөөллүүдийг удирдах боломжуудыг олгодог.

ISO 14001 байгаль орчны менежментийн тогтолцооны стандарт нь бусад ISO стандартуудын нэгэн адил байгууллагын тогтолцоо, хүрээлэн буй орчны асуудалд хандах хандлагыг тасралтгүй сайжруулах шаардлагуудыг агуулдаг.

ISO 14001 хэрхэн ажилладаг вэ?

Байгууллагын бүх үйл ажиллагаанаас хүрээлэн буй орчинд тулгарч буй байгаль орчны асуудлууд болох агаарын бохирдол, ус болон бохир усны асуудал, хог хаягдлын менежмент, хөрсний бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийг буруулах, дасан зохицол болон нөөцийн үр ашигтай байдал зэргийг авч үзэхийг шаарддаг.Менежментийн тогтолцооны ISO стандартууд нь өөр, өөр чиглэлүүдэд зориулсан байдаг ба эдгээр стандартууд нь High-Level structure буюу өндөр түвшний бүтэцтэй байдаг. Өөрөөр хэлбэл ISO 14001 стандартыг бусад менежментийн тогтолцооны аливаа стандарттай нэгтгэн хэрэгжүүлэх боломжтой гэсэн үг юм.  

Ямар байгууллага ISO 14001 хэрэгжүүлэх вэ?

ISO 14001 стандарт нь хувийн, ашгийн, ашгийн бус, засгийн газрын гэх мэт аливаа чиглэл, салбар, хэмжээ харгалзахгүй бүхий л байгууллагуудад зориулагдсан. Гагцхүү танай байгууллага өөрийн хариуцлагын хүрээнд байгаль, хүрээлэн буй орчиндоо учруулж буй сөрөг нөлөөллүүдээ багасгах, удирдах зорилгод нэгдсэн байх нь ач холбогдлыг бодитоор авчирна.

Ямар үр дүн, үр ашиг бий болгох вэ ?

Уг стандартыг хэрэгжүүлснээр байгууллагад дараах үр ашгуудыг бий болгох боломжтой. Үүнд:
  • Хууль эрх зүйн болон зохицуулалтын шаардлагуудыг биелүүлэх
  • Удирдлагын манлайлал болон ажилчдын оролцоог нэмэгдүүлэх
  • Компанийн нэр хүнд болон стратегийн харилцаа холбоогоор дамжуулан оролцогч талуудын (хөрөнгө оруулагч) компанид итгэх итгэлийг дээшлүүлэх 
  • Үр ашгийг дээшлүүлж, зардлыг бууруулснаар өрсөлдөх чадвар, санхүүгийн давуу талыг бий болгоно
  • Байгууллагын бизнесийн тогтолцоонд ханган нийлүүлэгчдийг нэгтгэх замаар байгаль орчны гүйцэтгэлийг сайжруулах 
  • Шинэ хэрэглэгчтэй болох (ногоон үзэл баримтлалтай)
  • Зах зээлд эзлэх нэр хүнд өсөх болон зах зээлд нэвтрэх боломж
  • Хог хаягдлын менежмент сайжруулах гэх мэт