
Цуврал нийтлэл #2
Г.Батханд Менежментийн зөвлөх, Коуч, Сэтгэл зүйч, Эерэг сэтгэл заслын зөвлөх
Энэ тогтолцоо руу явж ордог юм уу эсвэл бүтээдэг юм уу?. Мэдээж та өөрөө л бүтээнэ. Хэн ч та биднийг ментортой болох ёстой, бол гэж шаардахгүй. Гэхдээ бид энэ ухамсарт амьдралынхаа бүх цаг үед бусдаас суралцаж, бусдын хийсэн үйлдлийг шууд хуулбарлан хэрэгжүүлж ирсэн, заримдаа бид өөрөөсөө илүү хэн нэгэн хүнийг холоос, ойроос ажиглан дагаж суралцдаг. Даган дууриаж суралцах явц маань амжилттай болбол бид бараг л таныг олон жил даган дууриаж, танаас суралцсан учраас би ийм амжилттай яваа гэж хэлдэггүй. Өөрөө л хичээж зүтгэсээр энд хүрсэн мэтээр ярьдаг. Хүн хэдий ухаантай, мэдлэг, туршлагатай ч энэ их мэдлэг, туршлагаа хэрхэн зөв системтэйгээр ашиглахаа мэдэхгүй үе байдаг. Мөн намайг энд хүргэсэн мэдлэг, туршлага, чадвар тэнд хүргэхгүй гэдгийг бид гэнэт хүчтэй мэдэрдэг ч үе байдаг. Энэ үед цаашид яахаа мэдэхгүй гацсан мэт мэдрэмжээрээ хэсэг хугацаанд амьдардаг. Ийм үе бараг хүн болгонд тохиолддог. Энэ л үед бидэнд зовлонгоо хуваалцах хэн нэгэн эсвэл асуудлыг маань сонсоод өмнөөс минь шийдээд, зөвлөөд өгдөг хүн биш намайг сайн сонсож, асуудлыг минь ангилж, миний авч болох эрсдлийг надад ойлгуулж, зөв шийдэл рүү чиглүүлдэг Ментор л хэрэгтэй.
Ментор бидний өмнөөс асуудлыг маань шийдэхгүй, харин биднийг алсын хараагаа томуулж, аливааг харах хараагаа тэлж, ирээдүйгээ илүү тодруулахад тусална.
Энэхүү нийтлэлээрээ би таны өөрт тохирох ментороо хэрхэн олох вэ гэдэг нэг л асуултад бүрэн хариулахыг хичээнэ.
Юуны өмнө хүмүүс Ментортой байдаг юм байна би ч гэсэн Ментортой болъё гэж яарахгүй байхыг анхааруулъя.
Ментортой болох тухай бодохоосоо өмнө яагаад надад Ментор хэрэгтэй вэ гэдэг асуултыг өөрөөсөө асуугаарай. Хариулт бол “Би нэг л биш байна. Ментор хэрэгтэй” гэж гарна. Дараагийн асуулт “Миний амьдралын аль талбар дээр Ментор хэрэгтэй вэ” гэж илүү тодорхой асууснаар та ямар чиглэлээр илүү мэргэшиж, туршлагажсан Ментортой болохоо шийдэхэд хялбар болно. Тэр хэрэгцээгээ дагаад судалгаагаа хийнэ.
Ментор гэдэг шууд гараад олоод авчихдаг хүн биш, амьдралд аажмаар орж ирдэг хүн. Гэхдээ өөрөө орж ирэхгүй, та амьдралдаа маш зөөлөн аядуу, үнэ цэнтэйгээр оруулна.
Хүмүүс өөртөө таарсан Менторыг олох хэцүү гэж боддог. Үнэндээ Ментор олох асуудал биш. Олны танил, алдартай тэр хэмжээгээрээ завгүй хүнийг Ментороо болгохоос илүү таны эргэн тойронд магадгүй нэг байгууллагад ажилладаг илүү мэдлэг, туршлагатай, хуваалцах, өгөх сэтгэлтэй хүмүүсээс эсвэл бүр өнгөрсөн үеэсээ ч хайж болно.
Ментороо болгохыг хүссэн хүнээ олон нийтийн сүлжээнд дагах, сэтгэгдэл үлдээх, контентүүдийг нь түгээх, оролцсон эвэнтүүд нь оролцох, сургалт, лекц, оролцсон подкастуудыг нь сонсож, энэ хүнээс ямар асуулт асуух, цаашилбал юуг суралцахаа бэлдэх хэрэгтэй. Ментороо болгоё гэсэн хүндээ “Та миний Ментор болооч” гэж хэлэхээс өмнө өөрийгөө товч бөгөөд тодорхой танилцуулах, энгийн яриа өрнүүлэх, яриаг нь таслахгүй анхааралтай сонсох, сонирхолтой асуулт асуух мэтээр өөрийг чинь цаашид чиглүүлэх хүсэл төрүүлэхүйц харилцааг үүсгэх нь зөв алхам. Тодорхой хэмжээнд танил болсны дараа Ментороо болох тухай хүсэлтээ илэрхийлнэ. Таныг хүсэлтээ илэрхийлэх үед нэг их сонирхохгүй байвал “Үгүй” гэсэн хариулт гэж ойлгосон зөв. Гэхдээ таны хүссэн хүн болгон Ментор чинь болохгүй. Тохирохгүй Ментор гэж байдаг. Маш алдартай, салбартаа од болон гялалзаж байгаа, олны хүсэмжит хүн ч танд яг тохирсон Ментор болохгүй байж болно. Менторингийн харилцаа бол тухайн хүнээс мэдлэг, туршлагыг авахын нэр биш үнэт зүйл, харилцаа, итгэлцэл, өгөх авахын хэв маяг таарах эсэх, цаашид таныг өсгөж чадах эсэх дээр тогтдог.
Та Ментороор сонгох хүндээ хүсэлтээ илэрхийлэхээс өмнө хувь хүний зан төлөв, амьдралын хэв маяг талаасаа тохирох эсэхийг таны зорьж буй чиглэл, салбарт хэр туршлагатай эсэх, үнэт зүйлс болон амьдралын зарчмууд тань нийцэх эсэх, хүмүүсийн асуудлыг сонсохоосоо өмнө шууд зөвлөдөг эсэх, ментор байсан туршлага болон ментий нарынх нь сэтгэгдэл, мэргэжлийн ёс зүйгээ хэрхэн баримталдаг зэргийг судалж үзэхийг зөвлөж байна.
Ментороо яг хаанаас хайх вэ гэдэг асуулт гарна. Дараах 5 талбараас Ментороо хайж олдог олон улсад батлагдсан арга байдаг.
- Таны ажиллаж буй компани – Ментор заавал таны өмнө алхаж яваа, илүү өндөрлөгт гарсан хүн байх албагүй, тантай хамт ажилладаг хүн ч байж болно.
- Мэргэжлийн холбоо, нийгэмлэг, сайн дурын клуб – Мэргэжлийн холбоод, сайн дурын байгууллагууд дээр хүмүүсийн ялгарал илүү тод харагддаг төдийгүй тэр хэмжээгээр мэдлэг, туршлагаа сайн дураараа, нээлттэй, үнэгүй хуваалцах өрсөлдөөн байдаг.
- Дижитал флатформ – Linkedin, Facebook бол та өөрийн чиглэлийн экспертүүдийг хайх боломжтой талбар. Ментороо хаанаас олдог тухай судалгаанд 76% нь Linkedin-ээр холбогдож менторлолтын харилцаа тогтоосон байдаг.
- Олон нийтийн арга хэмжээ, семинар, мэргэжлийн зорилтот форум – Энэ л газар та “Таны мэдлэг, туршлага надад маш их хамааралтай санагдлаа. Тантай холбоо барьж болох уу?” гэж асууж болно.
- Их сургууль, судалгааны хүрээлэн – Таныг хийж буй судалгаа, мэргэжлийн карьераа дараагийн шатанд гаргахад шууд туслах Менторууд энд байж болно. Та өөрийн төгссөн их сургуулийн багш, доктор, профессоруудтайгаа эргэн холбогдсноор хуучин руугаа буцаж байгаа биш хожил руугаа явж байна.
Таныг хамгийн ихээр өсгөж чадах хүнийг л хай. Хүн амьдралдаа нэг сайн Ментортой учирснаар өндөр цалинтай шинэ ажилд орохоос илүү үнэ цэнтэй. Ментор таныг өөрийн амьдралаа бүхлээр нь харахад тусална.
#Менторинг бол зөвлөх үйлчилгээ биш хүний хөгжлийн ТОГТОЛЦОО юм.
#Ментортой хүн хурдацтай өсдөг..
Үргэлжлэл бий..